Monday, December 17, 2012


                        Намайг өөрчилсөн хуудас
Миний  сайн найз
   Миний хамгийн сайн найзыг Mark Zuckerberg –н Facebook гэдэг. Тэр 2006 онд мэндэлсэн. Facebook намайг улс орон харгалзахгүй олон хүнтэй танилцуулж, тэр ч байтугай шүтэж явдаг алдартнуудыг минь надтай зургаар нь уулзуулж мэдээллийг нь өгч байна. Тэр дэлхийн ихэнх хүнийг бараг л танина. Хэрэв найз минь улс байсан бол дэлхийн 2 дахь том улс байх байсан. Тэр хэдий зургаахан жилийн өмнө бий болсон ч миний төдийгүй өөр олон хүний сайн найз нь аль хэдийнээ болчихож. Бараг сайн найзаасаа илүү харьцаж, дотор нь уусаж байх шиг санагдана. Би ч энэ найздаа дассан гэж жигтэйхэн. Өдөр болгон уулзаж, бие биентэйгээ танилцана, хамтдаа өөр өөр хүний ертөнцөөр аялан зэрэг зав чөлөөтэй цаг болгонд минь надтай хамт байдаг. Сүүлдээ  өдөрт л найзтайгаа уулзахгүй  бол яалтчгүй нэг юм мартсан юм шиг бодогдоно.
        Миний өөр ертөнц 
   Өмнө нь бид facebook-гүйгээр амьдраад болоод л байдаг байсан. Харин одоо бол ерөөсөө л миний хамтран амьдрагч болчихсон. Надад facebook-тэй харьцах энгийн хүмүүстэй харьцнаас илүү амар байдаг. Миний дотор аль хэдийн өөр ертөнцийг бий болгосон. Тэр ертөнц минь үнэхээр гэгээлэг бас бусдыг надад хялбар таниулдаг. Өдөр тутмын амьдралыг минь сонирхолтой болгож, олон нийттэй харилцуулж, шинэ соргог мэдээ мэдээллийг надад мэдүүлдэг. Энэ ертөнц намайг өөрчилж байгааг би мэддэг. Намайг нээж бусадтай илэн далангүй харьцуулж, бусдыг таниулж өгдөгт нь найздаа би талархдаг.
     Дэлхийн хүмүүсийг нэгэн хуудсанд нэгтгэж чадсан миний найз үнэхээр агуу. Миний төдийгүй олон хүмүүсийн амьдралтай холбогдож чадаж байгаа найз минь тун удахгүй дэлхийн хамгийн том гүрний хэмжээнд очно гэдэгт нь итгэлтэй байна.

ЭССЗ хичээлийн хүрээнд бичсэн эрэн сурвалжла нийтлэл. Уг нийтлэл Нийслэл таймс сонины өнгөрсөн 7 хоногын дугаарт гарсан.


Бэлэн гоймон шүтээн мөн үү?
     Би бэлэн гоймонгийн шүтэн бишрэгч.Тийм ч учраас тааралдсан бүх бэлэн гоймонгоо иддэг. Бэлэн гоймон миний амьдралыг эрс өөрчилсөн. Ялангуяа миний араншин шал өөр болж бэлэн гоймон идээгүй үед сэтгэл санаа минь тогтворгүй байдаг. Өмнө нь ээжийн минь хийж өгсөн хоол хамгийн амттай нь байсан бол одоо энэ бодол минь өөрчлөгдсөн.
Намайг ингэтэл нь өөрчилсөн энэ ид шидтэй зүйл яг юу юм бэ?
     Бэлэн гоймон нь одоогоос 4000 жилийн тэртээ Хятад улсад анх үүсжээ. Бэлэн гоймонг 350-400 цельсийн хэмд буцалгаж их хэмжээгээр шардаг. Дэлхийд БНХАУ, Хонкгонк, БНСУ мөн Япон улс бэлэн гоймонгийн үйлдвэрлэлээрээ болон хэрэглэгчдийнхээ тоогоор  дэлхийд тэргүүлдэг.
       Нэг л өдөр миний бие эрс өөрчлөгдсөн. Ходоод минь хямарч, нүд минь улайж, бие нь дээр минь урилгагүй зочид ирж, тэр зочид улам олуулаа болж биеийг минь тэр чигт нь загтнуулах боллоо. Би ийм байдалтай удаан байж чадаагүй болохоор эмчид хандлаа. Тэгээд миний хамгийн дуртай хоол намайг хордуулсаныг сонсоод үнэхээр их гутарч билээ. 
Миний хамгийн дуртай хоол намайг яагаад ийм байдалд хүргэв?
     Бэлэн гоймонг үйлдвэрлэх явцад хүний биед хортой маш олон бодис үүсдэг. Ялангуяа шарах үед их хэмжээний сода ялгардаг. Энэ нь хүний нэг өдөрт авах ёстой соданы хэмжээнээс тав дахин их байдаг. Мөн диоксон болон гормон төст нэгдлийг агуулдаг бөгөөд  энэ нь бэлэн гоймонгийн амыг уутлах, цавуудах үед бий болдог. Бэлэн гоймонг өндөр температурт буцалгаж үйлдвэрлэдэг болохоор хүний биед хавдар үүсгэгч Benozopryne бодис үүсдэг. Энэ хүний биед агуулагдах хэвийн хэмжээнээс долоо дахин их байдаг.  Мөн бэлэн гоймон Monosodium Glutimate бодис агуулдаг. Энэ химийн бодис нь хүнийг тухайн хүнсэнд донтуулж чанар нь муудсан ямар ч бүтээгдэхүүнийг амттай юм шиг санагдуулдаг байна.
      Хэдийгээр энэ хорыг ингэж их идсэн нь миний буруу ч гэсэн ард түмнийхээ  хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж улсаас ямар  хяналт тавьдаг юм болоо гэсэн бодол төрсөн юм.
МХЕГ-с импортоор орж ирсэн бэлэн гоймонд ямар ч хяналт тавьдаггүй.  Манай улсад нэг жилд 16 сая ширхэг бэлэн гоймон зарагдсан нь  нийт хүн амын тооноос 5,8 дахин их байна. Энэ нь холбогдох байгууллагаас оновчтой хяналт тавьдаггүйтэй шууд холбоотой. Тиймээс манай улсаб бэлэн гоймон хэр их худалдаалагдана төдий чинээ иргэд хохирсон гэсэн үг.
Тэгэхээр энэ хоолонд хордсон нь ганцхан би гэж үү?
МУБИС-н оюутан Х гэгч нь өдөр бүр бэлэн гоймон иддэг байснаас болж биеэр нь улаан юм туурж харшил үүссэн. Ингээд эмчид үзүүлээд бэлэн гоймонгоос ерөнхийдөө  хордсоноо мэдсэн. Өөрөө бол өдөр бүр тааралдсан бэлэн гоймонгоо иддэг байсан. Улмаар бэлэн гоймонгийн харшилын дархлаа биенд нь тогтчихсон учраас ходоодны шархлаатай болсон. Тиймээс идэх хүнсэнд хориг тавьсан. Ялангуяа өөх тостой хоол, чихэр, ундаанаас татгалзах болжээ. Тэрээр бэлэн гоймонд хордсоныхоо дараа Баянзүрх дүүргийн хордлого тайлах тасагт  тасгийн эмчид ханджээ.
Х: Эмчээ миний биеэр улаан юм туураад ходоод өвдөөд байх юм
Эмч: Хамгийн сүүлд юу идсэн бэ? Ходоод чинь өрөвссөн байна
Х: Бэлэн гоймон идсэн
Эмч: яагаад та нар бэлэн гоймон идээд байдаг юм бэ? Хүмүүс хордоод бүр амь насаа алдаж байна шүү дээ
Х:Би сонсч байсан. Гэхдээ идэхгүй байж чадахгүй юм билээ.
Эмч: Одоогоос хоёр жилийн өмнө хоёр оюутан манай эмнэлэгт хүргэгдэн ирж байсан. Бид тэдний ходоодыг цаг алдалгүй угаасан боловч тэр хүүхдүүдийн амийг аварч чадаагүй. Хамгийн аймшигтайн хүүхдүүдийн ходоодыг угааж байх үед хамар амнаас нь өт гарч ирж байсан. Улмаар задлан шинжилгээ хийхэд хятад бэлэн гоймонг хоол хүнсэндээ хэрэглэснээс болж хордон амь насаа алдсан байсан. Тиймээс ямар ч бэлэн гоймонг хэрэглэмээргүй байгаа юм.
Энэ мэтийн бэлэн гоймонд хордсон хүн олон байлаа.
Энэ мэтийн бэлэн гоймонд хордсон хүн нийгэмд олон байлаа. Тэгээд бид бэлэн гоймонг хүмүүс хэр их хэрэглэдэг вэ? Түүний хор хөнөөлийн талаар хэр зэрэг мэдлэгтэй вэ? Зэрэг асуултуудын хариуг олох үүднээс социологийн судалгаа явуулсан.   Судалгаандаа  18-25 насны нийт 50 хүнийг хамрууллаа. Судалгаанд хамрагсдын 46% нь бэлэн гоймонг сард  2-3 удаа иддэг гэсэн. Тэдний 60% нь хортой гэдэг нь тогтоогдсон Нонгшим гоймонг хэрэглэдэг гэж хариулсан бол бусад нь Доширак, Ролтон, Да хун ван зэрэг гоймонг хэрэглэдэг байна. Бэлэн гоймон хэрэглэгчид түүний батга гаргадаг, харшил үүсгэдэг, хорт хавдар үүсгэдэг зэрэг хор хөнөөлүүдийн талаар мэддэг боловч нүдний торлог бүрхэвчний мөн,дотоод шүүрлийн хямрал үүсгэдэг, зүрхний гажигтай болгодог зэрэг хор хөнөөлүүдийн талаар мэддэггүй гэдэг нь судалгаанй үр дүнгээс харагдсан. Бэлэн гоймонгийн хор хөнөөлүүдийн талаар мэдлэг дутмаг  байгаа нь тэднийг бэлэн гоймон идэхэд нөлөөлдөг байна.

Би энэ хоолны хор хөнөөлийг биеэрээ амсаж улам ихийг мэдсэн учраас өнөөдрөөс эхлээд бэлэн гоймонгийн шүтэн бишрэгч байхаа болилоо.  Ийм олон хор хөнөөлийг араасаа дагуулж байдаг хоол гэж нэрлэгдсэн хорыг цаашдаа идсээр байх уу? Гэдэг нь хувь хүний ухамсараас шалтгаална. 

Монгол Улсын Өсөх Идэр начин Б.Гончигдамба-тай ярилцлаа


Б.Гончогдамба: Би сумандаа аймгийн цол авсаныхаа дараа түрүүлсэн
        Надтай ярилцсан энэ эрхэмийг Батнасангийн Гончигдамба гэдэг. Тэрээр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн бөгөөд нутгийнхаа нэрийг гаргаж яваа залуу бөхчүүдийн нэг.  Ингээд түүний ертөнцөөр аялсан багахан ярилцлагаа бөх сонирхдог, бөхөд хайртай та бүхэн хүргэж байна.
Хүн бүхний сэтгэл зүрхэнд тод тодоос үлддэг хүүхэд насанд тань эргээд очъё. Бага насныхаа тухай дурсаач.
     Хүүхэд нас гэдэг яалтчгүй тухайн хүний сэтгэлд тодоос тод үлддэг л дээ минийх ч гэсэн. Би Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Миний хүүхэд нас энэ сумтай яах ч аргагүй холбоотой. Би  хөдөөний хүүхдийн нэгэн адил хар бор ажил хийж, хонь мал хариулж өссөн дөө.
Бөх болох таны багын мөрөөдөл байсан уу?    
   Яг ч тийм биш л дээ. Би багадаа дуунд их дуртай  хүүхэд байлаа. Тэгээд дуучин эсвэл бөх болно гэж боддог байсан.
Тэгэхээр таныг урлагын авъяастай гэж ойлгож болох уу?
Энэ ярианаас ингэж ойлгож болмоор байгаа юм. Гэхдээ урлагын шалгалт өгөөд энэ мөрөөдөл минь талаар болсон. Тэгээд дуучин биш бөх болох ёстойгоо ойлгосон.
Танд олон багш байдаг байх. Таны хамгийн анхны багш ямар хүн байсан вэ?
Би МУГТ, 1993 оны чөлөөт бөхийн барилдааны дэлхийн шилдэг бөх н.Цогтбаяр  багш дээрээ хамгийн анх шавь орж байсан. Их мундаг хүн бий. Одоо ч гэсэн багш дээрээ бэлтгэл сургуулилтаа хийгээд л явж байна даа.
 Та анх хэдэн онд бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр зодоглосон бэ?  Сумынхаа наадамд хэр их барилддаг бэ?
Анх сумын наадамдаа 2000 оны эхээр хүүхэд байх даа зодоглож байлаа. Би хотод Цогтбаяр багш дээрээ ирж бэлтгэл хийсэн учраас ерөнхийдөө анхны дэвжээ мниь чөлөөт  бөхийн дэвжээ байсан. Хотод хэсэг бэлтгэл хийж байгаад нилээд сайжирсан хойноо сумын заан болчихъё гэж бодоод хоёр ч удаа сумынхаа наадамд зодоглосон. Манай сум сайн сайн бөх ихтэй. Тиймээс  сумандаа түрүүлж чадалгүй явсаар аймгийн арслан болсныхоо дараа сумандаа түрүүлж байсан.
Бөх хүн удам дагаж төрдөг юмуу? Аль эсвэл хичээл сургуулилтаар  төрүүлдэг юмуу?
 Би удам дагадаг гэж боддог. Гэхдээ бас төрүүлдэг талаар яримаар байна. Барилдах авъяастай хүн байна. Цаанаасаа төрсөн бие хаатай хүн байна, бие хаагаагаа үнэхээр сайн хөгжүүлсэн ч хүн байна.



Тэгэхээр танай удамд бөх хүн байгаа гэсэн үг үү?
Удам гэхээр бас асуудалтай байнаа. Гэхдээ манай аавын аав сумын заан хүн байсан гэсэн. Тэгээд аавын ах дүү нарын хүүхдүүд барилддаг. Тэгэхээр аавын талд удам байдаг гэж боддог.
Бөх хүнд ямар онцлог шинж байдаг бэ?
Миний бодлоор хамгийн хүнд хүчний бэлтгэл сургуулилт хийдэг учраас бусад хүмүүсээс илүү тэсвэр тэвчээртэй байдаг байх. Бас хүний өссөн орчин нөхцөл хүнийг амьдралд сургадаг. Хөдөөний хүүхдүүд тэсвэр хатуужил сайтай байдаг. Энэ нь ч надад их нөлөөлдөг.
Нутагтаа хамгийн сүүлд хэзээ очсон бэ?
Энэ зун нутагтаа очоод сайхан амарчихаад ирсэн. Манай нутаг уул ус, тал хээр нь хосолсон үнэхээр сайхан газар байдаг. Нутгийн минь уул ус нь намайг үргэлж түшдэг гэдэгт итгэдэг. Төрсөн нутаг бол  хүний аав ,ээж, гэр бүлтэй адилхан гэж би ойлгодог.
Аймгийнхаа наадамд сүүлд хэзээ зодоглов? Ирэх 2013 онд Завхан аймгийн 90-н жилийн ой болно. Энэ наадамд барилдах уу?
Уржинан жил нутагтаа хамгийн сүүлд зодоглосон. 2007 барилдаж Аймгийн арслан болчихоод 2011 онд Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тахилгын наадамд үзүүрлэсэн. Отгонтэнгэр уулыг монголын ард түмэн минь бүгд сайн мэдэж сүсэглэж, биширч явдаг. Ер нь тэгээд Отгонтэнгэр уулын төрийн тахилга болсон жил бүр би илүү аз хийморьтой  байгаа юм шиг санагддаг. Ирэх жилийн аймгийнхаа ойд очиж барилдалгүй яахав. Энэ наадамдаа сайн барилдахын тулд одооноос бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй байна.
Таны бодлоор өрсөлдөгч байх ёстой юу? Нуулгүй хэлбэл таны гол өрсөлдөгч хэн бэ?
Тухайн хүнд өрсөлдөгч байх хэрэгтэй. Ер нь өрсөлдөгч хүн л тухайн хүнийг илүү хурцалж ирэлж амжилтанд хүрэхэд нь нөлөөлж чаддаг гэж боддог. Нуулгүй хэлбэл миний өрсөлдөгч Дорждавга гэж хүн болчихоод байна даа.
Таныг Улсын Начин болоход Завханчууд тэр дундаа Их-Уулын ард түмэн омогшиж баярлаж бахархаж байсан. Начины дараагийн барилдаанд таныг даваад харцага болчих  ч боломжтой байсан гэлцэх юм билээ.
Мэдээж нутгийхан минь сайн барилдаасаа гэж залбирч урмын үг байнга хайрладаг. Нутгийнхаа ахан дүүсийн итгэл найдварыг алдахгүйн тулд илүү их хичээж чармайдаг. Амьдралынхаа эрч хүчийг бэлтгэл сургуулилтаасаа аваад л явж байна даа.                                                                                                              Начин болсны дараагийн барилдаан давах боломжтой байсан. Би өөрөө жаахан буруу барилдаан хийчихсэн.
Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Гэр бүлдээ хангалттай цаг зав гаргаж чаддаг уу?
Миний нэг өдөр бэлтгэл хийгээд л гэр орныхоо ажилд бага сага туслаад л өнгөрч байна даа. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл гэж боддог.  Гэр бүлдээ хангалттай цаг зав гаргаж чадахгүй тал бий.
Хүн бүхэнд өөртөө байнга хэлж, өөрийгөө хурцалж өгдөг үг байдаг. Таны хувьд?
Оролдлого сайт оройд нь гэдэг шиг аливаа юманд чин сэтгэлээсээ хандаж уйгагүй хичээж зүтгэж чадвал үр шимийг заавал хүртдэг. Нэг үгээр хэлбэл их хөдөлмөрлөл  их амжилтыг дагуулдаг гэж хэлэх дуртай.
Таныг нутгийнхаа залуу бөхчүүдийг сайн дэмжиж тусалдаг гэж сонсож байсан. Бөхөд хайртай, бөхийг сонирходог залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?
 Манай нутгаас шинээр төрж буй залуу бөхчүүд их байна. Би өөрийнхөө хэмжээнд заавар зөвөлгөө өгч, аль болох тусалж дэмжихийг хичээдэг. Ер нь нутгийн залуу бөхчүүдээ дэмжиж сайн халааг бэлдэх хэрэгтэй. Зорилгоныхоо төлөө шантралгүй явж заавал амжилтанд хүрээрэй гэж хэлмээр байна.
Таньд баярлалаа . Монгол бөхийн босоо заяа өнө мөнх таныг ивээг

Видео


Wednesday, December 12, 2012

Ярилцлага


Булгамаа:  Би өөрөө олон хүнтэй харьцаж,                          хүнд тусалдаг тийм л мэргэжилтэй болохыг хүссэн
Надтай ярилцсан энэ охиныг Доржготовын Булгамаа гэдэг. 1992 оны Улс тунхагласны баярын өдөр төрсөн тэрээр Нийслэлийн 65р сургуулийг төгсөөд 2010 онд Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн сэтгүүл зүйн ангид  элсэн орсон.
-Булгамаа, ярилцлагаа чиний гэр бүлийн талаар эхлэмээр байна. Яагаад гэвэл өмнө нь бид хоёр гэр бүлийн чинь талаар ярилцаж үзээгүй шүү дээ?
-Тэгий, тэгий. Би аав, ээж хоёр эрэгтэй дүүгийн хамт Улаанбаатар хотод амьдардаг. Аав, ээж хоёрт минь эзэмшсэн мэргэжил гээд байх юм байхгүй ээ. Миний өвөө дархан хүн байсан учир аав минь бүх юманд их эв дүйтэй ханддаг. Харин  ээж минь Орос-д  дөрвөн жил модны үйлдвэрт ажиллаж байгаад  хүний удирдлаган дор ажиллаж чадахгүй гээд Монголдоо буцаж  ирсэн гэсэн. Одоо манайх хувиараа бизнес эрхэлдэг. Тэр хоёр байнга хөдөө ,гадаа явна би хоёр дүүгээ хараал гэртээ хоцордог болохоор би өөрийгөө багаасаа л биеэ даасан гэж боддог.
-Айлын том,ганц охин юм байна шүүдээ. Хэр их эрхэлдэг вэ?
-Хүмүүс айлын ганц охин гэхээр л эрх танхи гэж боддог. Харин манай аав ээж хоёр хүүхдүүдээ бараг л эрхлүүдэггүй бага дүүг маань л бага зэрэг эрхлүүдэг. Айлын том ямар байна дүү нар чинь тийм байна гэж надад их өндөр хариуцлага хүлээлгэдэг.
-Тэгвэл айлын том байх хэцүү байна уу?
-Хэцүү ч юм байхгүй л дээ. Гэхдээ хоёр дүүгийнхээ хичээлийг хийлгэнэ, хичээлээ, гэрийн ажил, хоол ундаа хийнэ гээд олон ажил давхардхаар яах гэж айлын том боловоо гэж харамсдаг.
-Өөрт тохиолдож байсан хамгийн сайхан нэг дурсамжаа яриач?
-Би анх удаа ‘’Хайртай шүү’’ гэдэг үгийг аав ээж хоёртоо захиагаар хэлж байсан. Эхний удаа болоод ч тэрүү өөрийн эрхгүй л уйлаад бичсэн. Тэгээд би өглөө хичээлдээ явахдаа тэр хоёрын өрөөнд оруулж тавьчаад явсан тэр хоёр ч бас миний захиаг уншаад уйлсан гэсэн.
-Яагаад гэнэт тэр үгийг хэлэх болсон юм бэ?
Би нэг хэрэг хийсэн юмаа.


-Ямар хэрэг?
Би нэг үнэтэй утас авхуулсан юм. Тэгээд гурав хоноод л хаячихсан.                                        Би та хоёрынхоо арай хийж олсон мөнгөөр үнэтэй утас авхуулчихаад өөрийнхөө хайнга байдлаас болоод хаячихлаа гээл уйлаал бичиж байсан.
-Өнгөрсөн бүхнээ дурсах сайхан байдаг. Арван жилдээ ямар хүүхэд байсан бэ?
-Би нийгмийн идэвхи сайтай аль болох өөрийгөө нээн хөгжүүлэх секц дугуйланд явахыг эрмэлздэг хүүхэд болгонтой ижил харьцаж, шударга байхыг эрмэлздэг одоо ч гэсэн. Ангийн банди нартайгаа ерөөсөө таардаггүй байнга хэрэлдэж үймүүлж, орилдож гүйхээр нь хоёр дүү шигээ загначихдаг, эцэг эх, ангийн хурал болохоор тэр бүгдийг нь хэлчихдэг байлаа.  Арван жилдээ FM их сонсдог байсан. Тэр FM-н нэвтрүүлэгт нэг шүлэг зохиодог хөлгүй ах байнга оролцдог байлаа. Нэг удаа шүлгийн ном гаргасныг нь сонсоод яагаад ч юм би тусламаар санагдсан. Тэгээд маргааш нь ангийхандаа тэр ахын тухай яриад номыг нь авахыг санал болгосон. Манай ангийхан ч дэмжиж 25 хүүхэд авсан. Би тэгэхэд их баярласан.
-Арван жилдээ ямар секц дугуйланд явдаг байсан бэ?
-Уран уншлага, математик, дууны дугуйланд явдаг байсан. Би багадаа дуучин болно гэж боддог байсан сургуулийнхаа урлагийн наадамд байнга оролцдог байлаа.
-Тэгвэл яагаад дуучин болоогүй юм бэ?
-Ээж минь ерөөсөө зөвшөөрдөггүй байсан. Урлагаар яваад хоолоо олж идэж чадахгүй гэж боддог байсан биз. Тэгээд ч хичээлээс их завсардах гээд байдаг байсан.
-Хүн болгон л амьдралдаа алдаж онодог гэж боддог. Чамд алдсан гэж бодож явдаг зүйл байдаг уу?
-Би илтгэх урлагт их дуртай. Нэг удаа залгамжлагч холбооноос илтгэлийн уралдаан зарласан юм. Би материаллаа явуулчихаад оролцоогүй. Тэгсэн чинь нэг өдөр тэр тэмцээний шүүгч нь залгаад ‘’Чи оролцохгүй яасан юм бэ? Чиний гаргасан санаа болж байна шүү дээ’’ гэсэн тэгэхэд би үнэхээр их харамссан. Хүн аль болох олон юманд оролцож, өөрийгөө сорьж, дайчилж,  хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг ойлгосон.
-Яагаад  Х хх  хХХЁИРЫЙЛ Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуульд орох болсон бэ?
Хүмүүнлэг гэхээр надад их ойр санагддаг. Манай хамаатны нэг эгч хүмүүнлэгт сурдаг байсан. Манай сургууль ингэсэн, тэгсэн гээд л их ярьдаг байсан бас гадаад харилцаа сайтай, хэлний тал дээр сайн гэж сонссон нь надад их нөлөөлсөн байх.

-Тэгвэл яагаад сэтгүүлч мэргэжлийг сонгосон бэ?
-Би багаасаа л сэтгүүлч болохыг хүсэж мөрөөдсөөр ирсэн. Айлын том болохоор тоглох хүүхэд байхгүй айлд очиж тоглох их дуртай. Тоглохдоо үргэлж урдуураа хөшиг татаж байгаад л өөрөө гарч ирэн одоо ийм нэвтрүүлэг гарна, дараа нь тийм гээд л ярьж өгдөг байлаа. Аав, ээж хоёр минь хувиараа бизнес эрхэлдэг учраас санхүүгийн хүн хэрэгтэй гээд намайг нягтлан бодогчоор сур гэдэг байсан гэхдээ би өөрөө олон хүнтэй харьцаж, хүнд тусалдаг тийм л мэргэжилтэй болохыг хүссэн.Сэтгэл зүйч, хуульч эсвэл сэтгүүлч болно гэж боддог байсан тэгээд би аравдугаар ангидаа Хүмүүнлэгийн сэтгүүл зүйд орно гэж шийдсэн. Би элсэлтийн ерөнхий шалгалтаа өгөөд яг сэтгүүл зүйн ангидаа тэнцэж чадаагүй. Би өөрөө маш их хүссэн болохоор аав, ээж хоёр маань хөөцөлдсөөр байгаад энэ ангийг надад авч өгсөн тиймээс би итгэлийг нь алдахгүй сайн сурахыг үргэлж хичээдэг.
- Таван жилийн дараах Булгамаа ямар байх болоо?
Тодорхой хэмжээнд өөрийнхөө байр суурийг олчихсон, ихийг хийж бүтээх эрмэлзлэлтэй тийм л залуу сэтгүүлч байх болов уу.
Байнга л гүйгээгээрээ явж бусдынхаа төлөө үргэлж сэтгэл нь зовж байдаг нийтэч, шударга бүх хүнтэй ижил харьцаж ангийнхаа хүүхдүүдийн итгэлийг хүлээлсэн энэ охины үзэл бодол, амьдрал, хүсэл мөрөөдлийнх нь тухай ярилцсандаа баяртай байна.










Алтан Үзэг наадамд оролсон'' Ааваа та сонсож'' радио нэвтрүүлгийн сценари


Зохиолч: ХИС-н Сэтгүүлзүйн 3-р курc
Боловсруулсан: Б.Назкеш, Т.Соёл-Эрдэнэ, Ш.Адъяамаа, Ц.Насанжаргал, Б.Хулан
Хянасан: ‘Алтан Үзэг’’ наадмын шүүгчид
Бэлтгэсэн:               2012      он             11              сар                    25 өдөр
Нэвтэрсэн:                            он                               сар                          өдөр
Үнэлгээ:
Нэвт: Аaваа та сонсож байна уу?
-Эхлэл хөгжим-
Нэвт: Сайн байцгаана уу эрхэм хүндэт сонсогчид оо. Та бүхэндээ “Ааваа та сонсож байна уу?” нэвтрүүлгээ хүргэхэд бэлэн боллоо.
-цааш нь дэвсгэрлээд-
Нэвт: Бид энэхүү нэвтрүүлгээрээ архины хор хөнөөл, мөн архи хувь хүн болон гэр бүлд хэрхэн нөлөөлж буйг нэгэн  гэр бүлийн маргаан дээр тулгуурлан хүргэхийг зорилоо.
                                                     -Таслал хөгжим-
Зохиомж( эхнэр нөхөр хоёрын маргаан )
                    Эхнэр: Арай ч дээ Батаа. Хоёрхон ойтой нялх үрээ орхиод, хонгор заяаг минь надаас булаагаад явдаа чи яв.
                   Нөхөр: Тиймээ, чам шиг хүний тэвэр дүүрэн хайр надад хэрэггүй болсон. Би чамд хайргүй. Яагаад гээч би архинд илүү хайртай. Үрий минь уйлах дуу чихийг минь өвдгөж, үүрээр би унтаж чадахгүй байна шүү дээ.
                Эхнэр:Өө за, Одоо байтлаа чи төрсөн үрээ өөрөөсөө зугтаалгана гэнэ ээ. Даанч дээ даанч. Ухаан муутай унхиагүй амьтан, дайрч давшихааараа чи хүн болдог, дэндүү тэнэг юм даа чи.
-Таслал хөгжим-

Нэвт: Иймэрхүү маргаан архичин хүний гэр бүлд өдөр болгон тохиолддог. Ингээд нэгэн хүүгийн аавдаа бичсэн захидлыг хүргэе.
-Таслал хөгжим, Жанцанноров ‘’Нар сарны зааг’’ цааш нь дэвсгэрлэнэ-
Ааваа
Алтан хорвоод ангаахай болон төрөхдөө
Ааваа гэж дуудах хэл надад орсон
Амьсгалахын тоолонд хүү чинь өсөж
Амьдралд би эр хүн боллоо
Ээж минь сэтгэлдээ захидал хүлээсээн, өдрийг өнгөрөөсөн
Энхрий үрдээ хайр халамж, насыг үдсэн
Тэглээ гээд амьдралд сөгдөөгүй, сөхрөөгүй яваа
Тэнгэрт биш тэр нутагт та байгаа
Аавынхаа нутагт би морь унаж тоглоогүй ч гэлээ
Алагхан үр нь би энгэрт нь эрхэлж байгаагүй ч гэлээ
Зүүд зүрх хоёртоо дүрийг тань харж уйлаагүй ч гэлээ
Аав таныгаа хүлээж 18 нас хүрлээ
Хүү минь гээд тэврээд авах өдөр надад дутлаа
Хүслээ хэл Аав нь чамдаа хайртай гэх хайр надад дутлаа
Тэглээ гээд ааваа хүү нь бусдын дунд сайн яваа
Тандаа нэг эрхэлж хүүгээрээ та бахархахгүй юм уу
Бүтэл муутай амьдралын нугачаанд хүүтэй гэдгээ та мартаагүй биз дээ
Аавын хайрыг мэддэг хэрнээ одоо ирэх болоогүй юм уу
Арван найман хавар, зун ,намар
Эргээд харахад зовлон жаргалтай өдөр байж
Ээж минь нууруун дээрээ хүнд ачааг аваад
Аав минь та жаргал хайгаад яваагүй биздээ
Миний аав бол хэний ч биш миний аав
Мэдэж байна, мөс хайлаад урсахдаа олон амьтдыг ундаалдаг
Мэлмэрэн нулимс унаган ээждээ би аашлуулахдаа, аавыгаа би санадаг
Ширүүн орсон борооны дараа
Шинэхэн орсон цасны дараа
Айлд ороод суухдаа хүний хүүг хараад
Аавдаа би гүйж очмоор санагддаг
-Таслал хөгжим, Жанцанноров ‘’Сэтгэлд шингэсэн говь’’ цааш нь дэвсгэрлээд-
Аав
Аав нь байна аа, аав нь байна. Хүү минь амьдралыг ухрааж, амьсгалыг зогсоож болохгүй хойно яалтай ч билээ дээ. Үр минь, архиар хүүгээ сольсон аавыгаа уучлаарай.
Аавын хайраар дутаж байгааг мэдсэн ч, тэр хайрыг чамаас харамласан
Алхам тутамдаа үрээ бодсон ч бойтгон хонхтой гутлыг чамаас хулгайлсан
Болох болохгүйн эхэнд аав нь хамгийн эхэнд явсан
Болж бүтэхийн эхэнд аав нь хамгийн сүүлд явсан
Одоо яалтай ч билээ дээ үр минь
Аавыгаа уучлаарай, уучлаарай
Хүү минь

-Таслал хөгжим-
     Нэвт: Бидний бэлтгэсэн нэвтрүүлгийг сонсоод та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаасан гэдэгт бид итгэлтэй байна. Архинд шунах нь сайн бүгдийн хаалгыг хааж, муу бүгдийн үүдийг нээдэг гэдэг. Ингээд бид бүхний бэлтгэсэн “Ааваа та сонсож байна уу” нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Баяртай сонсогчидоо.
-Таслал хөгжим-
Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн  сэтгүүлзүйн 3-р ангийн оюутан
Б.Назкеш
Т.Соёл-Эрдэнэ
Ш.Адъяамаа
Ц.Насанжаргал
Б.Хулан