Saturday, December 14, 2013

''Мэдлэгийг мөнгө болгоё'' номонд бичсэн шүүмж

Галааридын чин сэтгэл
         Сэтгүүлч Б.Галаарид www.Olloo.mn өгсөн ярилцлагандаа ‘’Цөлжилтийн сэдэв нь энэ нийгмийн анхаарал татаж буй асуудал болох нь тодорхой. Хүмүүс ч үүнд санаа зовж, яаж шийдэх талаар янз бүрийн санаа дэвшүүлж байгаа нь таалагдлаа. Тиймээс нийт ард иргэддээ уриалмаар байна. Бид өөрсдөө л эх орноо хайрлахгүй юм бол өөр хэн ч хайрлахгүй ’’ гэсэн байдаг. Тиймээс ч тэрээр Цөлжилт, Ойн нөөц, Газар тариалан, Ус гээд экологийн тулгамдсан асуудлыг хөндсөн ‘’Мэдлэгийг мөнгө болгоё’’ хэмээх номоо гаргажээ.
 Уг ном нь бүхэлдээ сэтгүүл зүйн бүтээл. Сахарын цөл, Оросын өдөртөө дэгдэж, шөнөдөө намждаг салхи, Шороон шуурганы гамшигийг хэзээ ч мартахгүйгээр амссан Америк орон, Зэрлэг хэрэглээний золиос болсон ой хөвчийг судалж, дүгнэж, учир шалтгааныг тайлбарласан, сэтгүүлчийн тайлбар нэмэлт мэдээлэл зонхилсон, сонгож авсан асуудлаа нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд гээд олон талаас нь тайлбарлаж өргөн хүрээг хамруулж  чадсанаараа сэтгүүл зүйн бичлэгийн Асуудал дэвшүүлсэн тэмдэглэл болсон байна. Ингэснээрээ сэтгүүлч дэвшүүлсэн асуудалаа ойлгомжтой илэрхийлэх бичлэгийн төрөл зүйлийг сонгож чаджээ.
   Сэтгүүлзүй бол баримт, баримт, бас дахин баримт гэсэн зарчмаар явдаг. Харин тэрхүү баримтаа хаана ,  хэрхэн оновчтой шигтгэж өгөх бэ? гэдэг нь тухайн сэтгүүлчийн авъяас. Экологийн бүтээлүүд баримт ихтэй хэт нуршнаас болж уншигчдыг уйдаах аюултай байдаг. Сэтгүүлчийн нэмэлт мэдээлэл зонхилсон учир уг ном ч баримт ихтэй. Тэрээр Америк, Орос, Хятад, Сахар зэрэг дэлхийн том гүрнүүдийг экологийн асуудлыг жишээ болгон бичсэн нь ач холбогдолтой ч яг бидэнд хэрэгтэй юу? Монголчуудад хамаатай юу гэдэг нь тодорхойгүй. Баримт ихтэй түүний тэмдэглэлүүдэд эх сурвалж дурдсан цэг байсангүй.  1960-1990-ээд оны хооронд дэлхийн халуун бүсийн нийт ойн 60 хувийг устгажээ, Монгол орон жилд 60-65 сая хонин толгойтой мал тэжээх чадавхитай гэгддэг, 110 сая га бэлчээртэй. Энэ нь Монголын нийт нутгийн 72,1 хувь. Сүүлийн 23 жилд малчдынх нь тоо 338, Малынх нь тоо 150 орчим хувиар өссөн гэж байгаа, Монголын нийт усны 83,7 хувь нь нуур, 5,8 хувь нь гол мөрөн, үлдсэн нь мөсөн голын ус гэж үздэг. Гадаргын усны нөөцийн 85 хувь нь цэнгэг усан тооцогддог. Энэхүү цэнгэг усны 93,6 хувийг Хөвсгөл нуур дангаараа эзэлдэг. Монгол 13сая га газар ой модтой гэсэн албан ёсны тоо байдаг. 1900-д оноос 300 мянган га талбайн ой модоо шавьжинд идүүлж, 5,4 сая га талбайг түймэрт шатаачихсан, жилд төрөөс 650 мянган шоо метр мод огтлох зөвшөөрөл өгдөг харин түймэрийн нилээдгүй хувь нь самар түүгчдийн санамсаргүй алдсан гал, эсвэл бугын эвэр түүгчдийн санаатайгаар тавьсан гал байдаг, мөн жилд хулгайгаар 1,5 сая шоо метр мод огтолдог зэрэг албаны даацтай баримтыг тусгасан хэдий ч  эх сурвалжаа дурьдаагүй. Ингэснээрээ сэтгүүлч өөрөө энэхүү тоо баримтыг гаргасан мэт эсвэл зохиомол тоо баримт хэрэглэсэн мэт уншигчдыг төөрөгдөлд оруулж байгаа юм.
Тэрээр зөвхөн өөрийн орны экологийн тулгамдсан  асуудлуудыг  бичсэнгүй. Африк, Орос, Америк, Хятад, Грек зэрэг орнуудын талаар бичжээ. Жишээ нь: Христийн тооллоос өмнөх 7-4-р зуунд Грекчүүд металл, олборлож боловсруулахын тулд бүтэн хойгийн ойг тэр чигээр нь устгасныг эрдэмтэд олж тогтоосон мөн  ихэнх улсууд жил бүр сайн ургац авахын тулд талбайгаа шатаадаг аргыг эртнээс хэрэглэж ирсэн бөгөөд Төв Америкийн Майяачууд одоо хүртэл энэ аргыг хэрэглэдэг гэх мэтчилэн  Орос, Хятад,  Европын орнуудын  ой хөвч хэрхэн багасаж, устаж үгүй болж байгаа талаарх баримтыг оруулсан. Мөн Оросын Тверь мужын Селигер гэдэг үзэсгэлэнт нуур орчимд өдөртөө дэгдэж, шөнөдөө намждаг салхи бий. Сахарын өмнөд хэсэгт хэн боловч тойрч гарахыг хүсдэг 1300 ам дөрвөлжин километр талбайтай Тэнэрэ хэмээх газар байдаг. Гэх мэт өөр өөр орны баримтыг дэлгэсэн юм. Ингэснээрээ тухайн дэвшүүлсэн асуудалаа олон талаас нь тайлбарлаж чадсаныг харуулсан.
Экологийн нийтлэлд сэтгэл хөдлөлийн өнгө аяс оруулдаг бөгөөд  ингэснээрээ уг сэдэв уншигчдад хамаатай юмаа гэсэн ойлголтыг өгдөг.Уг тэмдэглэлүүдэд ч  сэтгэл хөдлөлийг бага зэрэг оруулсанаар сэтгүүлчийн байгаль, эх дэлхийгээ хамгаалсан, харамласан, халагласан  өнгө аяс нэвт үнэртэж байна. Жишээ нь: Биднийг ой модондоо зөв зохистой харьцаж байгаасаа гэсэн үүднээс ой мод нь хөрс хамгаалагч, ус чийг тогтоон баригч, тоос бууруулагч, хүчилтөрөгч үйлдвэрлэгч гэсэн модны давуу тал, үүргийг хэлж ой модыг сүйтгэсэнээс болж хөрсний доройтол цөлжилтийн эх сурвалж болж улмаар энэ нь хүн амын амьжиргаа, аюулгүй амьдрах орчны асуудал болдог хэмээн түүнээс гарах үр дагаварыг бичсэн нь ач холбогдолтой болжээ.
Миний хувьд аливаа зүйлийг уншихдаа энэ надад ямар хамаатай бэ? Үүнээс надад юу үлдэх бэ? гэж асуудаг. Түүний номыг уншихад гадаад орнуудын цөлжилт, ой нөөц модны талаарх асуудлын хүрээнд тодорхой мэдээлэл авсан хэдий ч яг өөрийн орны талаарх баримттай, тодорхой  мэдээллийг авч чадсангүй. Мөн хэт нуршсан, баримтыг хэт дэлгэрүүлсэн учраас уйтгартай байлаа. Гэхдээ энэхүү бүтээл эх дэлхийгээ хамгаалахын төлөөх түүний Чин сэтгэл юм.





No comments:

Post a Comment