Wednesday, December 12, 2012

Миний баатар өвөө


Миний баатар өвөө
    Би багадаа чихрэнд  их дуртай хүүхэд байлаа. Ядаж байхад миний  хамгийн дуртай чихэр өвөөд л байдаг байсан. Би чихэр идмээр болж арга ядахдаа өвөө би таны хогыг шүүрдээд өгөе та гарчихаад ирэхгүй юу гэж хээв нэг хэлчихээд  гараад явангуут нь өөрийн дуртай бүх чихрээ кармалчаад хагас дутуу шүүрдчихээд  явчихдаг байж билээ.                                     
   2009.03.18 Эр цэргийн баяр. Өвөө минь даралтаар уначихсан гэх аймшигт мэдээг сонслоо. 1999 онд анх даралтаар унаж байсан энэ удаа хоёртох нь болчихлоо. Өвөө минь ухаан орохоосоо нэгэнт өнгөрсөн бололтой. Үд хэвийж байхад өвөөг хагас дутуу ухаан ороход ач зээ нарыг нь нэг, нэгээр уулзуулж эхэллээ. Намайг ороход өвөө минь орныхоо баруун дээд буланруу гараа явуулаад юм базаж авч байгаа бололтой  аваад л надад өгсөн. Учир нь өвөөгийн минь орны баруун дээд буланд нэг шар шүүгээ байралдаг. Тэр шүүгээнд  миний дуртай мөнөөх бүх чихэр байдаг байсан. Надад өвөө минь хамгийн гоё чихэрнүүдээ өгч байгаа бололтой  үл ялиг инээгээд л цаанаа л нэг энхрийхэн....  Хожим бодоод байхад өвөө минь намайг чихэр хулгайлдаг байсаныг хардаг байсан юм шиг...... 
   Би зуны амралтаараа өвөөгийндөө байнга ирдэг байлаа. Яагаад гэвэл энэ өвөөгөөс минь өөр өвөө, эмээ байгаагүй болхоор. Өвөө минь байнга л шатар тоглоно. Ойр орчмынхоо хэдэн өвгөнөө цуглуулаад л баг болоод талцаад л.    Нэг эхлэвэл дуусахгүй. Тэр дунд нэг чих муутай өвгөн байдаг байлаа. Өвөө минь тэр өвгөнтэй энэ удаа нэг баг болжээ. Тэр өвгөн бараг л юм сонсдоггүй. Дохио зангаагаар арай хийн нэг баг болсон гэдгээ ойлгууллаа. Нөгөө багын хоёр өвгөн мөнөөх өвгөнөөр тоглоом наргиан хийхэд өвөө минь ихэд дургүйцэж бүр манай багын гишүүнийг гойчиллоо гээд тоглохоо болж билээ. Би тэр бүгдийг харсан хэрнээ хараагүй юм шиг Яасан бэ?  өвөө Яагаад тоглохоо болчихвоо?  гэхэд  өвөө них том инээнгүүтээ би нэг дүлий юмтай нэг баг болчихоод хожигдох гээд байхаар явуулчихлаа гэж билээ. Өвөө минь угаасаа л хор шартай аливаа юманд хожигдож бууж өгөх дургүй нэгэн байсан.
  Өвөө минь орой болгон майн уншина. Өөрийнхөө хувилбараар монголчлоол... Тэр үеэр биднийг орхоор үнэнч, шударга гээд л бидний нэрийг хэлээл бүр чанга уншдагсан.
   Өвөө минь цагаан сараар дээлнийхээ баруун дээд энгэрт тэмдэгээ зүүчихээд суух нь үнэхээр бахархалтай. Би тэр дүр зургийг хэзээ ч мартахгүй. Аргагүй л баатар хүн шиг. Хожим би өвөөгийнхөө тухай сонинд гарсан нийтлэлүүдийг уншихад түүний ажил сайжруулах томилолтоор очсон нэгдэл бүхэн нь эдийн засгийн хувьд хөл дээрээ зогсож, өр авлага нь барагдаж, урт богинын зээлээс гарч, сум нэгдлээ хэрсүү ухаанаар эдийн засгийн тооцоотой удирдаж ,хүмүүс нь даргаа дэмжин хүрээлж хүчээ нэгтгэн ажиллаж удирдсан сум нэгдэл бүр нь Улсын тэргүүний нэгдэл болдог байсан гээд л магтаж бичсэн байсан юм.  Миний баатар өвөөг ингэж айхтар бичсэн хүн мөн л миний хүндэлж явдаг сэтгүүлч баатар хүн байсан юм. Энэ хүн бол Монгол Улсын Соёлын Гавъяат Зүтгэлтэн нэрт сэтгүүлч Ц.Балдорж агсан юмаа.
      2009.3.19 энэ өдөр өвөө минь ертөнцийн үл дийлдэхрүү намайг бас хайрт хүүхдүүдээ орхиод явчихсан. Өвөө минь 37 жил тасралтгүй удирдах албан тушаал хашсан. Үүнийг нь ч төр засгаас өндөрөөр үнэлсэн. Хөдөлмөрийн баатар цол тэмдгийг хүн болгон аваад байдаггүй. Өвөөг минь үл дийлдэхрүү гаргадаг тэр өдөр эгэл жирийн олон иргэд эмгэнэн гашуудаж эрийтэл  хоёр эгнээгээр зогсож хүндэтгэл үзүүлж байсныг харахад өвөөгийнхөө ямархуу олон түмэндээ хүндтэй явсаныг  би дахин мэдэрсэн юм. Би өвөөгийнхөө өндөр сайхан нуруунд үүрүүлж, ханхар сайхан цээжинд нь наалдан өсч, эвлэг зөөлөн гараас нь хөтөлж хөлд орсон болохоор миний хамгаас нандигнан хайрлаж шүтэн дээдэлдэг хүн бол миний өвөө. Өвөө минь урсаад одох цаг хугацаанд элэгдэлгүй үүрд миний зүрх сэтгэлд хоногшин үлдэх болно.


No comments:

Post a Comment