Monday, December 17, 2012

Монгол Улсын Өсөх Идэр начин Б.Гончигдамба-тай ярилцлаа


Б.Гончогдамба: Би сумандаа аймгийн цол авсаныхаа дараа түрүүлсэн
        Надтай ярилцсан энэ эрхэмийг Батнасангийн Гончигдамба гэдэг. Тэрээр Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн бөгөөд нутгийнхаа нэрийг гаргаж яваа залуу бөхчүүдийн нэг.  Ингээд түүний ертөнцөөр аялсан багахан ярилцлагаа бөх сонирхдог, бөхөд хайртай та бүхэн хүргэж байна.
Хүн бүхний сэтгэл зүрхэнд тод тодоос үлддэг хүүхэд насанд тань эргээд очъё. Бага насныхаа тухай дурсаач.
     Хүүхэд нас гэдэг яалтчгүй тухайн хүний сэтгэлд тодоос тод үлддэг л дээ минийх ч гэсэн. Би Завхан аймгийн Их-Уул суманд төрсөн. Миний хүүхэд нас энэ сумтай яах ч аргагүй холбоотой. Би  хөдөөний хүүхдийн нэгэн адил хар бор ажил хийж, хонь мал хариулж өссөн дөө.
Бөх болох таны багын мөрөөдөл байсан уу?    
   Яг ч тийм биш л дээ. Би багадаа дуунд их дуртай  хүүхэд байлаа. Тэгээд дуучин эсвэл бөх болно гэж боддог байсан.
Тэгэхээр таныг урлагын авъяастай гэж ойлгож болох уу?
Энэ ярианаас ингэж ойлгож болмоор байгаа юм. Гэхдээ урлагын шалгалт өгөөд энэ мөрөөдөл минь талаар болсон. Тэгээд дуучин биш бөх болох ёстойгоо ойлгосон.
Танд олон багш байдаг байх. Таны хамгийн анхны багш ямар хүн байсан вэ?
Би МУГТ, 1993 оны чөлөөт бөхийн барилдааны дэлхийн шилдэг бөх н.Цогтбаяр  багш дээрээ хамгийн анх шавь орж байсан. Их мундаг хүн бий. Одоо ч гэсэн багш дээрээ бэлтгэл сургуулилтаа хийгээд л явж байна даа.
 Та анх хэдэн онд бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр зодоглосон бэ?  Сумынхаа наадамд хэр их барилддаг бэ?
Анх сумын наадамдаа 2000 оны эхээр хүүхэд байх даа зодоглож байлаа. Би хотод Цогтбаяр багш дээрээ ирж бэлтгэл хийсэн учраас ерөнхийдөө анхны дэвжээ мниь чөлөөт  бөхийн дэвжээ байсан. Хотод хэсэг бэлтгэл хийж байгаад нилээд сайжирсан хойноо сумын заан болчихъё гэж бодоод хоёр ч удаа сумынхаа наадамд зодоглосон. Манай сум сайн сайн бөх ихтэй. Тиймээс  сумандаа түрүүлж чадалгүй явсаар аймгийн арслан болсныхоо дараа сумандаа түрүүлж байсан.
Бөх хүн удам дагаж төрдөг юмуу? Аль эсвэл хичээл сургуулилтаар  төрүүлдэг юмуу?
 Би удам дагадаг гэж боддог. Гэхдээ бас төрүүлдэг талаар яримаар байна. Барилдах авъяастай хүн байна. Цаанаасаа төрсөн бие хаатай хүн байна, бие хаагаагаа үнэхээр сайн хөгжүүлсэн ч хүн байна.



Тэгэхээр танай удамд бөх хүн байгаа гэсэн үг үү?
Удам гэхээр бас асуудалтай байнаа. Гэхдээ манай аавын аав сумын заан хүн байсан гэсэн. Тэгээд аавын ах дүү нарын хүүхдүүд барилддаг. Тэгэхээр аавын талд удам байдаг гэж боддог.
Бөх хүнд ямар онцлог шинж байдаг бэ?
Миний бодлоор хамгийн хүнд хүчний бэлтгэл сургуулилт хийдэг учраас бусад хүмүүсээс илүү тэсвэр тэвчээртэй байдаг байх. Бас хүний өссөн орчин нөхцөл хүнийг амьдралд сургадаг. Хөдөөний хүүхдүүд тэсвэр хатуужил сайтай байдаг. Энэ нь ч надад их нөлөөлдөг.
Нутагтаа хамгийн сүүлд хэзээ очсон бэ?
Энэ зун нутагтаа очоод сайхан амарчихаад ирсэн. Манай нутаг уул ус, тал хээр нь хосолсон үнэхээр сайхан газар байдаг. Нутгийн минь уул ус нь намайг үргэлж түшдэг гэдэгт итгэдэг. Төрсөн нутаг бол  хүний аав ,ээж, гэр бүлтэй адилхан гэж би ойлгодог.
Аймгийнхаа наадамд сүүлд хэзээ зодоглов? Ирэх 2013 онд Завхан аймгийн 90-н жилийн ой болно. Энэ наадамд барилдах уу?
Уржинан жил нутагтаа хамгийн сүүлд зодоглосон. 2007 барилдаж Аймгийн арслан болчихоод 2011 онд Төрийн тахилгат Отгонтэнгэр уулын тахилгын наадамд үзүүрлэсэн. Отгонтэнгэр уулыг монголын ард түмэн минь бүгд сайн мэдэж сүсэглэж, биширч явдаг. Ер нь тэгээд Отгонтэнгэр уулын төрийн тахилга болсон жил бүр би илүү аз хийморьтой  байгаа юм шиг санагддаг. Ирэх жилийн аймгийнхаа ойд очиж барилдалгүй яахав. Энэ наадамдаа сайн барилдахын тулд одооноос бэлтгэлээ сайн хийх хэрэгтэй байна.
Таны бодлоор өрсөлдөгч байх ёстой юу? Нуулгүй хэлбэл таны гол өрсөлдөгч хэн бэ?
Тухайн хүнд өрсөлдөгч байх хэрэгтэй. Ер нь өрсөлдөгч хүн л тухайн хүнийг илүү хурцалж ирэлж амжилтанд хүрэхэд нь нөлөөлж чаддаг гэж боддог. Нуулгүй хэлбэл миний өрсөлдөгч Дорждавга гэж хүн болчихоод байна даа.
Таныг Улсын Начин болоход Завханчууд тэр дундаа Их-Уулын ард түмэн омогшиж баярлаж бахархаж байсан. Начины дараагийн барилдаанд таныг даваад харцага болчих  ч боломжтой байсан гэлцэх юм билээ.
Мэдээж нутгийхан минь сайн барилдаасаа гэж залбирч урмын үг байнга хайрладаг. Нутгийнхаа ахан дүүсийн итгэл найдварыг алдахгүйн тулд илүү их хичээж чармайдаг. Амьдралынхаа эрч хүчийг бэлтгэл сургуулилтаасаа аваад л явж байна даа.                                                                                                              Начин болсны дараагийн барилдаан давах боломжтой байсан. Би өөрөө жаахан буруу барилдаан хийчихсэн.
Таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Гэр бүлдээ хангалттай цаг зав гаргаж чаддаг уу?
Миний нэг өдөр бэлтгэл хийгээд л гэр орныхоо ажилд бага сага туслаад л өнгөрч байна даа. Хүний амьдралын хамгийн чухал зүйл бол гэр бүл гэж боддог.  Гэр бүлдээ хангалттай цаг зав гаргаж чадахгүй тал бий.
Хүн бүхэнд өөртөө байнга хэлж, өөрийгөө хурцалж өгдөг үг байдаг. Таны хувьд?
Оролдлого сайт оройд нь гэдэг шиг аливаа юманд чин сэтгэлээсээ хандаж уйгагүй хичээж зүтгэж чадвал үр шимийг заавал хүртдэг. Нэг үгээр хэлбэл их хөдөлмөрлөл  их амжилтыг дагуулдаг гэж хэлэх дуртай.
Таныг нутгийнхаа залуу бөхчүүдийг сайн дэмжиж тусалдаг гэж сонсож байсан. Бөхөд хайртай, бөхийг сонирходог залуустаа хандаж юу гэж хэлмээр байна?
 Манай нутгаас шинээр төрж буй залуу бөхчүүд их байна. Би өөрийнхөө хэмжээнд заавар зөвөлгөө өгч, аль болох тусалж дэмжихийг хичээдэг. Ер нь нутгийн залуу бөхчүүдээ дэмжиж сайн халааг бэлдэх хэрэгтэй. Зорилгоныхоо төлөө шантралгүй явж заавал амжилтанд хүрээрэй гэж хэлмээр байна.
Таньд баярлалаа . Монгол бөхийн босоо заяа өнө мөнх таныг ивээг

No comments:

Post a Comment